Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Клиринг
Давуу тал

Бирж нь хөрөнгийн зах зээлд тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд арилжааны дараах (post trade) тооцооны үйл ажиллагааг зохион байгуулж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг ба арилжааны дүнд үүсэх төлбөр тооцоог клирингийн гишүүдийн түвшинд нэгтгэснээр үр ашиггүй гүйлгээ болон үйл ажиллагааны зардлыг бууруулах замаар зах зээлд үр ашигт байдлыг нэмэгдүүлдэг. Мөн түүнчлэн маржин болон барьцаа хөрөнгө зэргээр дамжуулан төлбөрийн эрсдэлийг бууруулах, системийн эрсдэл үүсэхээс сэргийлэх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах давуу талтай.

Бид олон улсад түгээмэл хэрэглэгддэг хоёр талт болон олон талт клирингийн аргачлалуудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг. Олон талт клиринг хийх аргачлалыг ашигласнаар клирингийн төв нь үнэт цаас худалдагчийн хувьд худалдан авагч, худалдан авагчийн хувьд худалдагч тал нь болдог бөгөөд энэ нь арилжаанд оролцсон талуудыг төлбөрийн эрсдэлийг клирингийн төв хүлээж буй хэрэг юм. Бид зах зээлийг үр ашигтай, тогтвортой хөгжүүлэх зорилгоор олон улсын жишгийн дагуу хэлцлийг баталгаажуулж бүртгэдэг.

Клирингийн гишүүд

Тооцооны гишүүн нь Клирингийн төвийн гишүүнчлэлтэй хуулийн этгээд байх бөгөөд үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа хэвийн явагдах, төлбөрийн эрсдэлийн бууруулах үүрэгтэй зах зээл дэх мэргэжлийн оролцогч байна. Тооцооны гишүүн нь бусдын төлбөр тооцоог гүйцэтгэх эрхтэй ерөнхий гишүүн, зөвхөн өөрийн төлбөр тооцоог гүйцэтгэх эрхтэй шууд гишүүн гэсэн 2 хэлбэртэй байдаг.

Одоогоор дараах гишүүд бидэнтэй гишүүнчлэлийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

Тооцооны ерөнхий гишүүн "Ард Кредит ББСБ" ХК, “Харз трейд ББСБ” ХХК , “Нэрэн клиринг” ХХК,
Тооцооны шууд гишүүн “Бумбат-Алтай ҮЦК” ХХК, “Ард Секюритиз ҮЦК” ХХК, “Нэйшнл секюритис” ХХК, "Таван Богд Капитал ҮЦК"

 

Тооцооны гишүүнээр элсэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.

МҮЦБ-ийн гишүүнчлэл хариуцсан алба
Утас: +976-7000-0501, +976-7000-0502
Цахим шуудан: info@ubx.mn

Хамтрагч байгууллагууд

Бид үнэт цаасны клирингийн үйл ажиллагааг гүйцэтгэхдээ үнэт цаасны хадгалалт, бүртгэл хөтлөх чиг үүрэг бүхий хадгаламжийн байгууллагууд болон үнэт цаасны төлбөрийн үйл ажиллагаа гүйцэтгэх арилжааны банкуудтай хамтран ажилладаг.

Хадгаламжийн байгууллага

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв - Төв клиринг болон тооцооны гишүүдтэй гэрээ байгуулан үнэт цаасны хадгалалт, бүртгэлийг хөтлөх, төв клирингээс ирүүлсэн даалгаварт үндэслэн үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, төлбөр тооцоонд оролцогчийн дансанд гарсан үнэт цаасны өөрчлөлтийг Төв клирингэд мэдэгдэх үүрэгтэй төлбөр тооцоонд оролцогч юм.

Бид 2019 оноос эхлэн кастодиан банкуудтай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд үнэт цаасны төлбөр тооцоог бидний илгээсэн төлбөрийн даалгаварт үндэслэн гүйцэтгэх, үнэт цаасны хадгалалт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх үндсэн чиг үүрэгтэйгээр дараах банкууд бидний төлбөр тооцооны системийн нэг хэсэг болон ажиллаж байна.

 

Голомт Банк
Бирж нь 2019 оны 7 дугаар сараас Голомт банкны кастодиан банктай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Хаан Банк
Бирж нь 2020 оны 5 дугаар сараас Хаан банкны кастодиан банктай хамтран ажиллах гэрээ байгуулан  ажиллаж байна.
Худалдаа, Хөгжлийн банк
Бирж нь 2020 оны 4 дүгээр сараас хойш Худалдаа, Хөгжлийн банкны кастодиан банктай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Төлбөр гүйцэтгэгч банк
Капитрон банк
Биржийн төлбөр гүйцэтгэгч банкаар Капитрон банк гэрээ байгуулан ажилладаг бөгөөд төв клиринг болон тооцооны гишүүдийн хүсэлтээр үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо хийх харилцах данс нээх, гэрээний дагуу төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй барьцаа хөрөнгийн харилцах данс байршиж буй банк юм.
Богд банк
Биржийн төлбөр гүйцэтгэгч банкаар Богд банк гэрээ байгуулан ажилладаг бөгөөд төв клиринг болон тооцооны гишүүдийн хүсэлтээр үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо хийх харилцах данс нээх, гэрээний дагуу төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй барьцаа хөрөнгийн харилцах данс байршиж буй банк юм.
Эрсдэлийн удирдлага

Төв клирингийн тооцооны үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлд гишүүн байгууллагуудын төлбөрийн чадварын эрсдэл, үнэт цаасны үнийн өөрчлөлтийн эрсдэл, барьцаа хөрөнгийн хөрвөх чадварын эрсдэл болон бусад эрсдэлүүд багтдаг. Эдгээр эрсдэлүүдээс хамгаалахын тулд  нарийвчилсан, байнгын удирдлагатай эрсдэлийн удирдлагын тогтолцоог бид хэрэгжүүлдэг.

Клирингийн гишүүн дефолт буюу төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болсноор төлбөр тооцоонд оролцогчдын бүхий л үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж цаашлаад системийн эрсдэлийг бий болгодог. Тооцооны гишүүн дефолт болсон нөхцөлд хохирлыг барагдуулахдаа олон улсад түгээмэл хэрэглэгддэг дараах аргачлал, дарааллыг бид ашиглаж байна.