Монголын Үнэт Цаасны Биржийн (Бирж) Бүртгэлийн хорооны уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Монголын Үнэт Цаасны Бирж нь олон улсын стандартад нийцсэн, бүртгэлийн олон боломжуудыг үнэт цаас гаргагчдад нээсэн бүртгэлийн журмыг СЗХ-ны 270 тоот даргын тушаалаар 10 сарын 12-нд батламжлуулсан билээ. Тус журмын хэрэгжилтийг хангаж, хөрөнгийн зах зээлд бодитой хөгжлийг бий болгохоор Бирж нь олон улсын жишгийн дагуу Бүртгэлийн хороотой байх бүтцийг батлаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. Тус хороо нь Биржийн бүртгэл хариуцсан албаны шийдвэрийг хянах чиг үүрэг бүхий хороо бөгөөд Биржийн удирдлагаас хараат бус байдлаар аливаа үнэт цаасыг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах эрхтэй байх юм.
Биржийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 15/21 тоот тогтоолын дагуу Бүртгэлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн, нийт 12 салбар, салбарын мэргэжилтнүүдийг гишүүдээр сонгосон байна. Шинэ гишүүдийн анхны уулзалт 10 сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан ба уулзалтаар Биржийн шинэчлэгдэн батлагдсан “Бүртгэлийн журам” болон “Бүртгэлийн хорооны үйл ажиллагааны журам”-ийг тус тус танилцуулж, журмын хэрэгжилтийг хэрхэн хангах, бүртгэлийн процессийг цаашид хэрхэн сайжруулах талаар Биржийн удирдлагууд болон хорооны гишүүд санал солилцлоо.
Монголын Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2021 оны байдлаар Бирж нийт 19 гишүүн үнэт цаасны компани, 5 тооцооны гишүүн, 3 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна.
Олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсвэл биржийн бүртгэлийн шалгуур, нөхцөлийг энд дарж үзнэ үү.
Бүртгэлийн хорооны гишүүдийн мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг :
“Монголын Үнэт Цаасны Бирж” ХК
Холбоо барих утас : (+976) 7000-0501, (+976) 7000-0502
Факс : (+976) 7011-3722
Имэйл хаяг: info@msx.mn