Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Нийцүүлэгчийн бүртгэл шинэчлэх тухай
  2021.06.14

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Бүртгэлийн журамд Бирж нь нийцүүлэгчдийн жагсаалт батлах бөгөөд нийцүүлэгч нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа Биржийн журам, дүрэмд нийцэж байгаа эсэх тухай зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллахаар заасан. Нийцүүлэгч нь үнэт цаас гаргагч компанийг төлөвшүүлэх, түүний үйл ажиллагааг хууль, журамд нийцүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

Биржийн нийцүүлэгчээр бүртгэгдсэнээр тухайн хуулийн этгээд нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчидтай хамтран ажиллах боломж бүрдэх бөгөөд тухайн үнэт цаас гаргагч нээлттэй компани болон төлөвшихөд хувь нэмрээ оруулан ажиллана. Үнэт цаас гаргагч биржид бүртгэгдсэнээс хойш доод тал нь 1 жилийн хугацаанд нийцүүлэгчидтэй гэрээ байгуулан ажиллахыг бид шаарддаг бөгөөд энэ нь тухайн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, хөрөнгө оруулагчдад компанийн талаар мэдээллийг цаг алдалгүй хүргэх давуу талыг бий болгодог.

Нийцүүлэгчид тавигдах шаардлага

  1. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульч эсвэл аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аудитортой байх
  2. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан байх
  3. Нийцүүлэгчийн ажлыг хараат бус, шударгаар эрхлэх чадвартай байх
  4. Мэргэжлийн чиглэлээр аливаа хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй байх

Биржийн нийцүүлэгчийн жагсаалтад бүртгэгдэн, үнэт цаас гаргагчидтай хамтран ажиллахыг хүсвэл та дараах материалыг 2021 оны 06 сарын 25-ны дотор info@msx.mn хаяг руу илгээх эсвэл Биржийн байр (СБД, 8-р хороо, ЖиБи плаза, 703 тоот)-д авчирч өгнө үү.

  1. Хуулийн этгээдийн товч танилцуулга
  2. Нийцүүлэгчийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлт бүхий өргөдөл
  3. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл, бусад холбогдох материал

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ