Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийг дэмжигч биржүүдийн санаачлагад нэгдлээ
  2018.10.16

Монголын Үнэт Цаасны Бирж нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын дэргэдэх Тогтвортой хөгжлийг дэмжигч биржүүдийн санаачлагад гишүүнээр элсэн орж Монголын төдийгүй, олон улсын хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжил, ил тод байдалд хувь нэмрээ оруулан ажиллахаар боллоо. Тогтвортой хөгжлийн асуудал нь бидний хувьд бүртгэлтэй компаниуд, тэр дундаа уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад тавих шалгуураа боловсруулахад чухалчлан анхаарсаар ирсэн асуудлуудын нэг юм. Тус байгууллагад элсэн орсноор цаашид ч мөн бусад биржүүдтэй олон улсын туршлагаас хуваалцан бүртгэлийн шалгуураа шинэчлэх, холбогдох тайлагналыг ил тод болгох зэргээр үйл ажиллагаагаа сайжруулах боломж бүрдээд байна.

НҮБ-ийн дэргэдэх Тогтвортой хөгжлийг дэмжигч биржүүдийн санаачлага нь хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудын олон биржүүдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бөгөөд бид 78 дахь гишүүн бирж болж элсэн орсон. Тус байгууллага нь байгаль орчин, компанийн засаглал, компаниудын нийтэд мэдээлэл хүргэх үүрэг, ногоон санхүүжилтийн хэлбэрүүд, жижиг дунд бизнесийн хөгжил гэх мэт тогтвортой хөгжлийн асуудлуудыг шийдэх зорилгоор хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг олон улсын түвшинд дэмжин ажилладаг.

Монголын Үнэт Цаасны Бирж НҮБ-ын Тогтвортой хөгжлийг дэмжигч биржүүдийн санаачлагад нэгдэн орсон тухай мэдээг тус байгууллагын цахим хуудаснаас энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү.