Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
С.Даваасамбуу: Бид хөрөнгийн зах дээр чанартай бүтээгдэхүүн гаргаж, байнгын эргэлттэй болгоно
  2017.02.17

–Монголын Үнэт цаасны бирж Монголын Хөрөнгийн биржээс ямар ялгаатай юм бэ?

–Бизнесийн чиглэл адилхан. Ялгаа гэвэл нэгдүгээрт, манай компани хувийн өмчлөлтэй,төрийн оролцоо байхгүй. Монголын Хөрөнгийн бирж 100 хувь төрийн өмчит компани.Хоёрдугаарт, биржүүд хоёулаа Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаасны арилжаа эрхлэх лицензтэй боловч манай компанийн хувьд үүн дээр нэмээд үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Гуравдугаарт, үйл ажиллагааны стандарт, технологи, бүтээгдэхүүний хувьд ялгаатай байх юм.

–Үйл ажиллагааны технологи нь яг ямар ялгаа, давуу талтай юм бол?

–Санхүүгийн зах зээл дээр үндсэн хэрэглэгч болох хоёр субьект байгаа юм. Нэг талд хөрөнгийн хуримтлалтай болсон, тэрхүү хөрөнгөө ашигтай нөхцлөөр эргэлтэд оруулж өсгөхийг хүссэн хөрөнгө оруулагч тал, нөгөө талд бизнесээ, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх, шинэчлэх, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой боловч хөрөнгийн эх үүсвэр дутагдаж буй төр, бизнесийн байгууллагууд байгаа юм. Энэ хоёр субьектыг хооронд нь холбох буюу илүүдэл хөрөнгийн хуримтлалыг үр ашигтай дахин хуваарилах боломж бололцоог бий болгох нь биржийн үндсэн ажил. Мэдээж хэрэг бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл буюу аль болох урт хугацаатай, өртөг багатай эх үүсвэр хэрэгцээтэй. Энэ эрэлт хэрэгцээг хөрөнгийн захаар дамжуулан шийдвэрлэх бүрэн боломжтой.Учир нь хөрөнгийн захын ил тод нээлттэй байдал, хөрвөх чадвар зэрэг онцлог шинж чанарууд энэхүү боломжийг олгодог. Төр болон бизнесийн байгууллагууд өөрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг ямар зорилгоор ашиглаж, ямар хугацаанд, ямар үр дүнд хүрэх тухай мэдээллийг хөрөнгө оруулагчдад танилцуулах ёстой. Энэхүү  танилцуулга болон тухайн байгууллагын сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанд биржээс тавигдах бүртгэлийн шалгуур, стандартыг тогтоох, энэхүү стандартын дагуу үнэт цаас буюу бүтээгдэхүүнээ бүртгэхээс биржийн ажил эхэлдэг. Мөн бүтээгдэхүүнээ арилжих арилжаа, төлбөр тооцооны арга, эрсдлийн удирдлага, хяналт зохицуулалт, гишүүдийн үйл ажиллагааны төрөл зэрэг технологийн шийдлүүдээрээ ялгаатай.

–Бүртгэлийн шалгуур стандартад ямар болзол, нөхцөл тавьдаг юм бол. Энэ нь хөрөнгө оруулагчдад ямар ач холбогдолтой вэ?

–Үүнийг ярихын тулд эхлээд нэг тоог жишээ болгож авъя. Тухайлбал, 2015 оны эхний хагас жилийн статистикаар Монгол Улсад 100 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлогтой 6500 орчим компани,нэг тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой 1300 гаруй компани байна. Манай улсад ийм олон компани тодорхой хэмжээнд бизнесийн үйл ажиллагаа эрхлэн борлуулалт хийж, түүнээсээ татвар төлж байна шүү дээ. Энэ компаниуд бүгд байнга өөрийнхөө эх үүсвэрээр хангалттай санхүүжих боломжгүй. Санхүүжилтийг ихэнх тохиолдолд банкны зээлээр шийдвэрлэж байна. Банк зээл олгох шийдвэр гаргахдаа тухайн байгууллагын үйл ажиллагаа, зээлийн зориулалтыг тодорхой шалгуураар шалгасны үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Бирж дээр гаргасан үнэт цаасыг хөрөнгө оруулагч худалдаж авна гэдэг маань тэд тухайн байгууллагад хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагч нар мөн л банктнй адил тодорхой шалгуур шаардлагад үндэслэн шийдвэрээ гаргах хэрэгтэй болно. Энэхүү шалгуур шаардлагыг хөрөнгө оруулагчдын өмнөөс бирж шалгахын тулд бүргэлийн стандарт шалгуур тогтоодог. Бид бүртгэлийн шалгуур стандарт буюу бүртгэлийн журмаа гадаадын хэд хэдэн биржүүдийн туршлага, онцлогийг судалсны үндсэн дээр Монголын хууль, эрх зүйн орчинд нийцүүлэн гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ нь нэг талаас бирж дээр бүртгүүлэх гэж байгаа компаниудын мөрдөх, биелүүлэх ёстой албан ёсны стандарт, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах биржийн үүрэгтэй холбоотой юм.

–Гэхдээ манай компаниудын хувьд олон улсын жишигт нийцсэн шалгуур стандарт гэдэг хэтэрхий өндөр биш үү?

–Тийм санагдаж болно. Гэхдээ бид ингэхээс өөр арга байхгүй. Цаашид гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хөрөнгийн захыг бий болгохыг хүсч байвал бид тэдний мөрддөг стандартыг баримтлахаас өөр аргагүй. Компаниуд маань бэлэн биш байгаа. Тийм учраас бид компаниудад үйл ажиллагаагаа таниулах, сурталчлах, тодорхой хугацаанд зарим шалгуураас чөлөөлөх, хамтдаа суралцах, улмаар өнөөдөр манайд бүртгүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд 1-2 жилийн дараа бүх шалгуураа бүрэн хангачихсан байх чиглэлийг баримтлан ажиллаж байна. Бүртгэлийн шалгуурын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай Бүртгэлийн журмаас үзэж үзэж сонирхох боломжтой.

–Танайх шинээр нийцүүлэгч гэдэг субьектыг оруулж ирсэн байна лээ. Энэ нь яг ямар үүрэг гүйцэтгэх юм бол?

–Дээр дурдсанчлан бирж дээр бүртгүүлсний дараа тухайн компанийг бүтэн жилийн турш биржийн дүрэм журамд зохицон ажиллахад нь туслах, зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах мэргэжлийн байгууллага юм. Мөн бид зах зээл үүсгэгчийн буюу хувьцааны хөрвөх чадварыг хангах үүрэгтэй шинэ субьектын үйл ажиллагаа, марижн арилжаа буюу арилжаагаа хийсний дараа төлбөр тооцоо хийх аргачлал, түүнтэй холбоотой клирингийн үйл ажиллагаа, тооцооны гишүүний үйл ажиллагаа болон харилцагчийн үнэт цаасны данс зөвхөн брокер дээр байх тогтолцоо зэргийг шинээр нэвтрүүлнэ.

–Үнэндээ өнөөдөр бодит байдал дээр иргэн хүн очоод хувьцаа авах гэхээр ихэнх нь хувьцаагаа зардаггүй, хаалттай компани байдаг шүү дээ?

–Компанийн тухай хуулийн зохицуулалтаар Монгол Улсад хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн компанийн хоёр төрөл хэлбэр бий. Хувьцаат компани нь үнэт цаасаа нийтэд санал болгон бирж дээр арилжих боломжтой. Бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани болон биржийн арилжааны давуу тал харагдахгүй байгаа учраас ихэнх компаниуд, ялангуяа үндэсний хэмжээний томоохон компаниуд өнөөдөр бүгд хаалттай хэвээр байна. Гэхдээ зарим компани, зарим удирдлага энэ давуу талыг харж бирж дээр хувьцаагаа гаргах, бонд зарах сонирхол тодорхой хэмжээнд нэмэгдэж байна. Энэ боломжийг ашиглан биржийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу зохион байгуулах, манай дээр хувьцаагаа гаргасан компанийн нэр хүнд, хөрөнгө татах боломж нэмэгдэх, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч талууд хамтран тодорхой амжилт гаргахыг харах нь бидний бас нэгэн зорилго юм. Биржид бүртгүүлснээр компанид таатай нөхцөл бүхий их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэхийн зэрэгцээ үүрэг хариуцлага нэлээд өснө. Биржтэй байнга холбоотой ажиллах, бирж болон хөрөнгө оруулагчдад шаардлагатай бүх мэдээллийг хугацаанд нь үнэн зөв тогтмол хүргэх зэрэг шаардлага тавигдана. Энэ асуудлууд бас тусгай журмаар зохицуулагдана.

–Гадаадын хөрөнгийн биржийн арилжаа их идэвхтэй явагддаг. Харин манай хувьцаа эзэмшигчид Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 230 гаруй компанийн үнэт цаасны ханшийн хэлбэлзэлд нэг их ач холбогдол өгдөггүй юм шиг байдаг. Өөрөөр хэлбэл, худалдаж авсан хувьцааных нь ханш өсч, буурах нь огт хамаагүй юм шиг анзаардаг ч үгүй?

–Энэ нь нэг талаас иргэд анхнаасаа тэр компанид ямар ч мөнгө төлөөгүй, үнэгүй хувьчилж авсантай, нөгөө талаас тухайн компани биржээс хөрөнгө оруулалт татаагүйтэй холбоотой. Харин 2005 онд анхны компани бирж дээр хувьцаагаа гаргаж хөрөнгө татсан. Тухайн компани нэг жилийн дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхэд маргааш өглөө нь Хөрөнгийн бирж дээр “Би нэгж хувьцааг 800 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл ногдол ашиг нь дөнгөж таван төгрөг байна шүү дээ” гээд гомдол мэдүүлж байсан. Хөрөнгө оруулагч өөрөө мөнгөө гаргаж худалдан авсан учраас үүнийг асуудал болгоод ярьсан. Бүгд л ингэх эрхтэй. Алдаа нь тухайн компани шаардлагатай мэдээллээ хөрөнгө оруулагчдад болон олон нийтэд байнга өгч байгаагүй, хөрөнгө оруулагч нь энэ эрхээ мэдээгүй, мэдээллээ олж авч чадаагүй явсаар бүтэн жилийн дараа гэнэт маш бага ногдол ашгийн дүн сонссон, дүрэм журам, зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилт муу байсантай зарим талаар холбоотой. Манайд бүртгүүлэх компани холбогдох журмын дагуу үнэт цаасны ханшид нөлөөлж болох бүх мэдээллийг биржид, хувьцаа эзэмшигчдэд, олон нийтэд хүргэнэ. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл, хөрөнгө оруулалтаа хянах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах боломжууд нэмэгдэнэ.

–Одоогоор Монголын Үнэт цаасны биржид бүртгүүлэхээр хандсан хэдэн компани байна вэ?

–Одоогоор 30 гаруй компани бидэнтэй холбогдож, манай дүрэм журмыг судлаад явж байна. Эхний хоёр компани манайд бүртгүүлэхээр материалуудаа өгчихсөн байгаа. Үр ашигтай,ирээдүйтэй бизнесийн төсөл бүхий байгууллага компанид манай үүд хаалга нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байна.

 


ЭХ СУРВАЛЖ: http://zms.mn/