Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
С.Даваасамбуу: Хөрөнгө оруулагчийн хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргана гэсэн хатуу зарчмаар ажиллана
  2017.02.17

Монголын үнэт цаасны бирж ажиллаж эхлэхээр дуншиж байна. Монголын хөрөнгийн бирж өрсөлдөгчтэй болох нь. Шинэ биржийн үйл ажиллагааны талаар гүйцэтгэх захирал С.Даваасамбуутай нь ярилцсанаа хүргэе.

-Монголын үнэт цаасны бирж байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа болон тооцоо хийх тусгай зөвшөөрөл авсан. Хөрөнгийн шинэ бирж хэзээ үйл ажиллагаагаа эхлэх вэ?

-Хөрөнгийн захыг хөгжүүлэх хүсэл тэмүүлэл бүхий залуус хамтарч, дэлхийд нэр хүндтэй, АНУ-ын “Насдак” группийн зөвлөх үйлчилгээг 2008 оноос аван, өргөн хүрээтэй судалгааны ажил эхлүүлсэн байдаг.

Энэ ажлын үр дүнд Монголын үнэт цаасны бирж байгуулан, Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) үнэт цаасны арилжааны болон клирингийн (тооцооны) үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байна.

“Насдак” групп нь дэлхийн томоохон биржүүдийн тоонд багтахын зэрэгцээ хөрөнгийн захын технологийн шийдэл, программ хангамж нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Бид дэлхийд нэр хүндтэй энэ группийн технологийг Монголд нэвтрүүлэх зорилготой. Бирж байгуулагдсанаас хойших хугацаанд үндсэн үйл ажиллагааны журмуудаа боловсруулан СЗХ-гоор батламжлууллаа.

Хүний нөөцөө бүрдүүлж, ажилтнууд маань энэ захад ажиллах зөвшөөрөл, гэрчилгээгээ СЗХ-ноос авсан. Арилжаа, клирингийн программаа захиалан хийлгэж, туршилтаа эхлүүлээд байна. Энэ программыг “Насдак”-ийн систем орж иртэл түр хугацаанд ашиглах юм.

Үнэт цаасны найман компани манайд гишүүнээр элссэн. Элсэхээр мэдээлэл солилцож байгаа үнэт цаасны 10 гаруй компани байна. Манай биржид үнэт цаас гаргах сонирхолтой компанийн бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авахад бэлэн болсон.

Компаниуд эхнээсээ уулзаж, зөвлөгөө авч байна. Биржийн үйл ажиллагаа эхэлсэн гэж ойлгож болно.

-Жижиг зах зээлд хоёр бирж өрсөлдөх нь. Би хувьдаа Монголын хөрөнгийн биржийн (МХБ) ажил урагшгүй байгаа нь дахиад бирж байгуулах орон зай үүсгэлээ гэж дүгнэсэн.

- Орон зай бий. Зарим тоо баримт дурдъя. Манайхтай адил социалист системээс зах зээлд шилжсэн орнуудын хөрөнгийн захын үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ (ДНБ) 30-60 хувьтай тэнцдэг болсон. Гэтэл манайд энэ үзүүлэлт 2015 оны байдлаар дөнгөж 5.4 хувьтай байна.

Тухайн биржид бүртгэлтэй үнэт цаасны 30-аас доошгүй хувь нь жилдээ арилжигдаж байдаг бол манайд энэ үзүүлэлт хоёр хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ, арилжааны эргэлтийг 30-40 хувь хүртэл өсгөх боломж бидэнд бий. Энэ орон зайд ажиллана гэж бодож байгаа. Монголын санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг мөнгөний зах буюу банкны салбар эзэлдэг. Энэ үзүүлэлт нь санхүүгийн системд хөрөнгийн зах байр сууриа эзэлж чадаагүйг маш тодорхой харуулж байна. Улсын бүртгэлд бүртгүүлсэн 100 мянга орчим аж ахуйн нэгж бий. Үүнээс 40 гаруй мянга нь үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаа гаргаж байгаа. Үйл ажиллагаагаа өргөтгөх, өсөж хөгжихийн тулд хөрөнгө оруулалт татах шаардлага компаниудад байнга тулгардаг.

Хөрөнгө оруулалт аль болох урт хугацаатай, хямд өртөгтэй байх нь тэдний хувьд маш чухал. Хөрөнгийн захаар шууд хөрөнгө оруулалт дамждаг, мөн харьцангуй нээлттэй, хөрвөх чадвар өндөр байдаг тул урт хугацаатай, хямд өртөгтэй эх үүсвэр татах боломж олгодог юм.

Иймээс хөрөнгийн захыг хөгжүүлэх нь бизнесийн байгууллагад чухал ач холбогдолтой. Мөн эрсдэлийг бууруулах, тархаах, дахин хуваарилах боломж олгодог. Иймээс хөрөнгийн захын хөгжил зөвхөн тухайн бизнесийн байгууллагад ч бус, улс орны нийт эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг юм.Мэдээжийн хэрэг энэ үүргээ гүйцэтгэхийн тулд хөрөнгийн зах өөрийн эрх зүйн орчин, дүрэм журам, дэд бүтэц, мэргэжлийн байгууллага, хүний нөөц, сайн технологитой байх ёстой. Эдгээрээс хамгийн чухал институц нь бирж.

Энэ институц зөв горимоор ажиллаад эхэлбэл бусад оролцогч дагаад хөгжих боломжтой. Иймээс олон улсын стандарт хангасан бирж байгуулах зорилго тавьсан.

Танай бирж ямар бүтээгдэхүүн арилжихаар төлөвлөж байгаа вэ?

- Санхүүгийн захад хэдэн мянган төрлийн бүтээгдэхүүн арилжиж байна. Бид эхлээд хувьцаа, бонд арилжина, дараа нь валют, үүсмэл санхүүгийн хэрэгслүүд рүү орно. Нэг талаас үнэт цаас гаргагч, нөгөө талаас хөрөнгө оруулагч хөрөнгийн захад оролцдог.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч манай лангуунаас бүтээгдэхүүн худалдаж авна гэсэн үг. Тэгэхээр лангуун дээрх бараа маань чанартай байх ёстой. Лангуун дээрээ чанаргүй бараа дэлгэвэл манай бизнес амжилтад хүрэхгүй.

Хөрөнгө оруулагчийн хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргана гэсэн хатуу зарчим баримталж ажиллана. Иймээс ч бүртгэлийн журмаа олон улсын жишигт нийцүүлж боловсруулсан.

Чанартай хувьцаа бүртгэхийн тулд ямар шалгуур тавих вэ?

- Бүртгүүлэхийн тулд тодорхой тоон болон тоон бус урьдчилсан шалгууруудыг хангасан байх ёстой. Сүүлийн гурван жилд менежментийн багт томоохон өөрчлөлт ороогүй, сүүлийн нэг жилд томоохон хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөөгүй, өнгөрсөн жилийн ашиг нь 20 сая төгрөгөөс, түүний өмнөх хоёр жилийн ашгийн нийлбэр мөн 20 сая төгрөгөөс багагүй байх шалгуур тавьж байгаа.

Хэрэв ашгийн хэмжээ нь шалгуурт нийцэхгүй бол зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбумаас, борлуулалтын орлого 500 сая төгрөгөөс багагүй байх гэх мэт тоон шалгуур тавина. Түүнчлэн андеррайтер, зах зээл үүсгэгч, нийцүүлэгчтэй гэрээ байгуулсан байх, компанийн засаглалын стандартуудыг мөрдөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох гэх мэт тоон бус шалгуур бий.

Нийцүүлэгч гэж хэн бэ. Энэ бол манай зах зээлд байхгүй ойлголт шүү дээ.

Нийцүүлэгч гэдэг нэрээрээ байхгүй боловч Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд үнэт цаас гаргагч этгээд үйл ажиллагаандаа хуулийн болон аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх заалт бий.

Бид зөвхөн нэг удаа дүгнэлт гаргуулаад орхихгүй, тухайн компани биржид үнэт цаасаа бүртгүүлсний дараа дор хаяж нэг жил хуулийн болон аудитын байгууллагаас зөвлөгөө авахыг шаардана. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэхэд нь туслах этгээд буюу нийцүүлэгчтэй байх шаардлага тавьж байгаа хэрэг. Энэ нь бирж мэргэжлийн байгууллагуудтай хамтран шинэ компанийг хөрөнгийн захын орчинд ажиллаж сургах, бойжуулах зорилготой шалгуур.

Манайх хувьцаат компанийг үндсэн болон хөгжлийн гэсэн хоёр талбарт хуваан бүртгэх юм. Самбар гэдгийг бид талбар гэж нэрлэсэн. Дээрх шалгуур бол манай үндсэн талбарын шалгуур. Хэрвээ үндсэн талбарын шаардлагыг хангахгүй бол хөгжлийн талбарт бүртгүүлэх боломжтой.

Аль болох уян хатан байдлаар хандах бодлого баримтална. Гэхдээ мэдээж хүсэлт тавьсан компани бүрийг бүртгэхгүй. Тухайн бизнесийн ирээдүйн боломж, өсөлт, эрсдэлийн хүчин зүйлийг харгалзаж үзнэ. Мөн зарим шалгуураас тодорхой хугацаанд чөлөөлөх боломжтой. Энэ талаар журамдаа нарийн зохицуулалт тусгасан.

Хөрөнгийн зарим бирж хувьцаа төвлөрөхөөс сэргийлж, нийт үнэт цаасны 30, эсвэл 20 хувийг нь олон нийтэд заавал худалдахыг шаарддаг. Танайх хувьцааны хэдэн хувийг олон нийтэд худалдахыг шаардаж байгаа вэ?

- 25-аас доошгүй хувийг нь олон нийтэд гаргах шаардлага тавьсан. Түүнчлэн нийт хувьцаа эзэмшигчийн тоо болон нэг хувьцаа эзэмшигчийн эзэмших хувьцааны доод хязгаарыг гэрээнд тусгаж мөрдүүлнэ. Энэ бол олон хөрөнгө оруулагчтай байлгаж, төвлөрлийг бууруулах арга хэрэгсэл юм.

-“Насдак” группээс ямар программ худалдаж аваад, хэзээнээс нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм бэ?

- X-Stream системийг авахаар урьдчилсан байдлаар тохиролцсон. 2017 оны эхний хагаст багтаан суурилуулах төлөвлөгөөтэй байна.

Монголын хөрөнгийн бирж Millunnium IT, танайх X-Stream системтэй болох нь. Энэ хоёр системийн аль давуу вэ?

- Аль аль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон хувилбарт функцтэй систем. Тэдгээрээс манай онцлогт тохирсон моделийг зөв сонгох нь чухал. “Насдак”-ийн системийг дэлхийн 70 гаруй орны 100 гаруй байгууллага ашигладаг. Энэ талаас нь авч үзвэл “Насдак”-ийнх олон хэрэглэгчтэй, илүү танигдсан систем.

Төрийн өмчит компаниуд, стратегийн том ордууд МХБ-ээр дамжуулж хувьцаагаа олон нийтэд худалдана. Тэгэхээр танайх хүч тэнцвэргүй өрсөлдөөнд ялагдах юм биш үү?

- Өнөөдөр хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэж, тэнд 30-40 мянган компани ажиллаж байна. Тэдэнд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж өгнө.

Өнөөдөр манай томоохон компаниуд, банкууд бүгд л хаалттай хэлбэртэй байгаа. Тэд боломж бүрдвэл хөрөнгийн зах зээлд гарах сонирхолтой байдаг. Тиймээс ч бид бүртгэлийн журмаа олон улсын стандартын дагуу боловсруулсан. Үүнийгээ хэрэгжүүлнэ.

Хөрвөх чадваргүй байгаа нь Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том дутагдал. Танайх хөрвөх чадварыг нь сайжруулахад нөлөөлж чадах уу?

- Хөрвөх чадварыг сайжруулахын тул хоёр зохицуулалт хийж байна. Нэгдүгээрт, тодорхой хэмжээний мөнгө урьдчилан байршуулж, хэлцлээ хийчихээд, дараа нь тогтоосон хугацаанд төлбөрөө бүрэн хийдэг тогтолцоог нэвтрүүлнэ. Хоёрдугаарт, зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг нэвтрүүлнэ.

Зах зээл үүсгэгч гэсэн шинэ ойлголт гарч ирлээ. Ямар учиртай оролцогч вэ?

- “Market maker” гэж олон улсын биржүүдэд хэрэглэдэг нэр томъёог бид “Зах зээл үүсгэгч” гэдэг үгээр буулгасан юм. Ер нь бидний ярьж хэлээд байгаа нэр томъёо, арга технологи олон улсын зах зээлд бий болоод, хэрэглээд, туршигдаад, алдаа оноог нь засаад, хөгжүүлээд, өнөөдрийн өндөр түвшинд хүрсэн зүйлүүд шүү дээ. Бид тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр хэрэгтэй зүйлүүдийг нь оновчтой хувилбараар Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Зах зээл үүсгэгчийг энгийн жишээгээр тайлбарлая. Хэн ч долларыг дуртай үедээ арилжааны банк, эсвэл “Найман шарга”-д очоод зарчихдаг.

Тэдний нэг гарт төгрөг, нөгөөд нь доллар байнга бэлэн байдаг. Би 100 доллар зарж төгрөг болгох шаардлага гарвал тэнд очоод тогтоосон ханшаар нь ядах юмгүй зарчихна. Зах зээл үүсгэгч яг үүнтэй адил үйлчилгээ үзүүлнэ. Зах зээл үүсгэгчийн нэг халаасанд мөнгө, нөгөөд нь хувьцаа байна гэсэн үг.

Би 100 ширхэг хувьцаагаа зарах захиалга өгтөл худалдаж авах хөрөнгө оруулагч байхгүй бол зах зээл үүсгэгч авчихна. Ченжүүд авах, зарах ханшийн зөрүүнээс ашиг олдог. Зах зээл үүсгэгч ч ийм байдлаар хувьцааны авах, зарах ханшийн зөрүүгээс ашиг олно. Бүртгэлийн журмаар үнэт цаас гаргагч дөрвөөс доошгүй тооны зах зээл үүсгэгчтэй гэрээ байгуулсан байх ёстой.Өөрөөр хэлбэл, хувьцаа чинь чөлөөтэй хөрвөж байх ёстой гэсэн шаардлага тавьж буй хэрэг. Ингэхээр хувьцааг зах зээлийн ханшаар шуурхай авах, зарах боломж бүрдэж байгаа биз. Зах зээл үүсгэгчийн гурван төрлийн загвар байдаг.

Бид non-centralized order driven буюу харьцангуй нээлттэй, олон тооны зах зээл үүсгэгч оролцдог аргыг сонгоод байна. Зах зээл үүсгэгч ашгийн төлөө бизнесийн байгууллага байх юм. Тиймээс үүрэг хүлээснийхээ төлөө ямар ашиг урамшуулал хүртэх вэ, эрсдэл үүсэх үү гэдэг асуудал тулгарна. Худалдан авсан үнэт цаасны төлбөрийг дараа нь хийх учраас үүнтэй холбоотой эрсдэл гарч болзошгүй. Эрсдэлийг удирдах, зохицуулах зорилгоор өөрсдөө клирингийн үйл ажиллагаа эрхлэхээр шийдсэн юм. Нэлээд судалж байж, манай онцлогт тохирсон эрсдэлийг хаах шийдлүүдийг сонгосон.

Таныг МХБ-ийн дэд захирлаар ажиллаж байсныг мэднэ. Биржийн үйл ажиллагааны чиглэлээр хэдэн жил ажилласан бэ?

-Энэ чиглэлээр 1994 оноос хойш ажиллаж байна. 2011-2013 онд Австралид магистрт суралцсан хугацааг хасаж тооцвол 20 жил болжээ.

 


ЭХ СУРВАЛЖ: http://mongolnews.mn/1t8l