Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Анд-Энерги ХК-ийн 2021 оны жилийн эцсийн үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан гарлаа.
  2022.03.04

2022 оны 3 сарын 4, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь жилийн эцсийн үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангуудыг Биржид ирүүллээ.

“Анд-Энерги” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.26, 2.27-д заасны дагуу компанийн 2021 оны жилийн эцсийн үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг олон нийтэд хүргэж байна.

Цар тахлын нөлөөгөөр 2021 онд ачаа тэвээрлэлтийн асуудал үүссэн боловч "Анд-Энерги" ХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, 20381 ширхэг дотор гэрэл, 1487 ширхэг гадна гэрэлтүүлэг, 196 ширхэг гэрэлтдэг үсгэн хаяг, 59 гэрэлтүүлгийн шон хийсэн байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх “Найдвар төв”-ийн 20 жилийн ойд зориулан мэдээллийн гэрлэн самбар (light box)-ыг хийж суурилуулжээ.

“Анд-Энерги” ХК-ийн жилийн эцсийн санхүүгийн тайланд Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэй “Мэжик Консалтинг Аудит” ХХК аудитын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд “эдгээр санхүүгийн тайлангууд нь бүхий л материаллаг асуудлаар Компанийн 2021 оны 12 сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, уг өдрөөр тасалбар болсон жилийн санхүүгийн гүйцэтгэл болон мөнгөн гүйлгээг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-уудын дагуу үнэн зөв толилуулсан” хэмээн дүгнэсэн байна.

“Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-иар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.

 

Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн аудитлагдсан санхүүгийн тайлантай танилцах бол энд  дарна уу. 

Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны тайлантай танилцах бол энд дарна уу. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

“Анд-Энерги” ХК

Холбоо барих утас:  (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com