2022 оны 3 сарын 31, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК (цаашид “Бирж” гэх) нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн удирдлага болгон ажиллах “Компанийн засаглал хэрэгжүүлэх удирдамж” болон “Мэдэгдвэл зохих хэлцлийн удирдамж”-ийг баталлаа.
Бирж нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2022 оны 3 сарын 23-ны 145 тоот тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-ийг бүртгэлтэй үнэт цаас гаргагчид таниулах, засаглалыг сайжруулах ажлын хүрээнд “Компанийн засаглалыг хэрэгжүүлэх удирдамж” болон “Мэдэгдвэл зохих хэлцлийн удирдамж”-ийг тус кодекс болон олон улсын стандартад нийцүүлэн боловсрууллаа. Эдгээр удирдамжуудыг Биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 3 сарын 29-ны 15/22 тоот тушаалаар баталсан бөгөөд тухайн үнэт цаас гаргагч компани нээлттэй хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа компанийн засаглалыг сайжруулах, олон нийтэд мэдэгдэх шаардлагатай хэлцлийн талаарх ойлголтыг цогцоор авч болохуйц баримт бичиг юм. Түүнчлэн зөвхөн журам баталж мөрдүүлэхээс илүүтэй, эдгээр удирдамжуудыг боловсруулснаар үнэт цаас гаргагч тухайн журмуудыг хэрхэн дагаж мөрдөх, өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн нутагшуулахад чиглэл олгох давуу талтай.
Компанийн засаглал хэрэгжүүлэх удирдамж нь бүртгэлтэй үнэт цаас гаргагч өөрийн бүтэц, зохион байгуулалт, удирдлагын үйл ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт цаас гаргагчийн бүтэц, зохион байгуулалт, удирдлагын үйл ажиллагааг Компанийн засаглалын тайлангаар дамжуулан нийтэд ил тод болгох зорилготой болно.
Мэдэгдвэл зохих хэлцлийн удирдамж нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн мэдэгдвэл зохих хэлцлийг тодорхойлж, тухайн хэлцлийг хийсэн тохиолдолд түүнийг хувьцаа эзэмшигч, олон нийт болон Биржид мэдэгдэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа удирдлага болгох баримт бичиг болно.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2022 оны байдлаар Бирж нийт 20 гишүүн үнэт цаасны компани, 6 тооцооны гишүүн, 3 зах зээл үүсгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК
Холбоо барих утас: (+976) 7000-0501, (+976) 7000-0502
Имэйл хаяг: info@ubx.mn