Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Бүртгэлийн журам шинэчлэгдэн, аймаг нийслэлийн өрийн хэрэгслийг бүртгэх боломж бүрдэж байна.
  2022.05.03

2022 оны 5 сарын 2, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК (цаашид “Бирж” гэх) нь “Бүртгэлийн журам”-даа Санхүүгийн Зохицуулах Хороо (цаашид “Хороо” гэх)-ны холбогдох журамд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Хорооны 2022 оны 2 сарын 23-ны өдрийн 68 тоот тогтоолоор Хорооны “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д аймаг, нийслэлийн Засаг даргын өрийн хэрэгслийг бүртгэхтэй холбоотой заалтуудыг нэмж, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор Биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 4 сарын 13-ны өдрийн 07/22 тоот тогтоолоор холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгасан Бүртгэлийн журмыг баталсан бөгөөд уг журмыг Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын 2022 оны 4 сарын 28-ны өдрийн 224 тоот тушаалаар тус нэмэлт, өөрчлөлтийг батламжлав.

Энэ удаагийн журмын өөрчлөлтийн гол агуулга нь Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргах өрийн хэрэгсэл нь Өрийн удирдлагын тухай хууль болон Хорооны өрийн хэрэгслийн бүртгэхтэй холбоотой журамд тавигдсан шалгуурыг хангасан байх, албан мэдэгдэл эсхүл үнэт цаасны танилцуулга бэлтгэх, танилцуулга бэлтгэх тохиолдолд чөлөөлөгдөх заалтуудыг тодорхойлох, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон эргэн төлөлтийн тайланг улирал бүр ирүүлэх тухай заалтуудыг нэмэлтээр оруулжээ. Ингэснээр Биржээр дамжуулан аймаг, нийслэлийн гаргасан өрийн хэрэгслийг хялбаршуулсан зарчмаар бүртгэж, арилжих боломж бий болж байгаа юм.

Бирж нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018-2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2022 оны байдлаар Бирж нийт 20 гишүүн үнэт цаасны компани, 6 тооцооны гишүүн, 3 зах зээл үүсгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК

Холбоо барих утас: (+976) 7000-0501, (+976) 7000-0502

Имэйл хаяг: info@ubx.mn