Listing-rules
Мэдээ
Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Арилжааны гишүүнчлэлийн журам шинэчлэгдэн батлагдлаа.
  2021.12.28

2021-12-28, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК нь энэ оны 10 дугаар сард “Бүртгэлийн журам, “Шимтгэл хураамжийн журам” болон “Арилжааны журам”-уудаа шинэчлэн баталж, үйл ажиллагаандаа мөрдөж эхлээд байсан бол энэ удаа Биржийн гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлт, шинээр мөрдөж буй журмууддаа нийцүүлж, Биржийн ТУЗ-ийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хурлаар батлагдаж байсан “Гишүүнчлэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулан, СЗХ-ны даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 349 тоот тушаалаар “Арилжааны гишүүнчлэлийн журам”-аа шинэчлэн батламжлууллаа.

Бирж нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчид болон гишүүдийнхээ эрх, ашгийг хамгаалах үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа ил тод, шударга, шуурхай явуулсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Арилжааны гишүүнчлэлийн журам дах гишүүнчлэлийн шалгуур, шаардлагаа дахин тодорхойлсноос гадна арилжааны гишүүдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай байлгах үүднээс өдөр тутамдаа гишүүдтэй гэрээ байгуулах эрхийг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Гүйцэтгэх захиралд олгов.

Монголын Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2021 оны байдлаар Бирж нийт 19 гишүүн үнэт цаасны компани, 5 тооцооны гишүүн, 2 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. UBX платформ нь Монголын Үнэт Цаасны Биржийн 2021 оны 9 сард танилцуулсан арилжаа, тооцооны нэгдсэн, мэргэжлийн оролцогчдод нээлттэй платформ юм. Одоогоор UBX платформ нь Ард секюритиз ҮЦК (Ард Апп)-тай амжилттай холболт хийсэн бөгөөд цаашид үнэт цаасны компаниудыг харилцагчиддаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийн боломжуудыг нээж өгөх үүднээс өөрсдийн арилжааны системээ холбохыг урьж байна.

 

Арилжааны гишүүнчлэлийн журмыг энд дарж үзнэ үү.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас : (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn