АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Хиймэл оюунд суурилсан Digi чатбот англи, монгол аль ч хэлээр ухаалаг хариулт өгч чадна

Хамгийн олон буюу 2.9 сая харилцагчтай ХААН Банк (KHAN) Монголд анх удаа Digi нэртэй хиймэл оюун ухаан (Generative AI)-д суурилсан чатботыг нэвтрүүлжээ. Ямар ид шидтэй эд вэ? 

Олон улсад нийцэв

Томоохон банкнууд харилцагчийн үйлчилгээг сайжруулах зорилгоор AI чатботыг нэвтрүүлсэн байдаг. Банкны AI чатботын үйлчилгээгээр Хойд Америк, Европ, Ази Номхон далайн орнууд тэргүүлдэг аж. Bank of America (BAC) л гэхэд 2018 онд гүйлгээ хийх, үлдэгдэлтэй холбоотой лавлагаа олгох гэх мэтийг хийдэг Erica виртуал туслахаа нэвтрүүлсэн байна. HSBC (HSBC) ч гэсэн Amy нэртэй чатбот ашигладаг байх жишээний. Тэгэхээр ХААН Банк Монголд энэ жишгээр мэдээлэл өгөх AI чатбот нэвтрүүлсэн хэрэг.

Онцлог нь юу юм бэ? 

Энэхүү AI чатботыг ХААН Банкны мэргэжилтнүүд өөрсдөө хөгжүүлсэн аж. Уг чатбот нь ХААН Банкны харилцагчдад хаанаас ч хэзээд ч хэрэгцээт мэдээллээ түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх замаар цагийг нь хэмнэх зорилготой. 

Хэл харгалзахгүй: Түүнчлэн уг чатбот нь англи, монгол аль ч хэлээр ухаалаг хариулт өгч чадна гээд л бод. Чатботын ажиллах зарчмыг харвал, ХААН Банкны суулгасан дата, мэдээллийн хүрээнд хариултаа өөрөө боловсруулж, харилцан яриа үүсгэх аж. 

Хэрхэн ашиглах вэ? ХААН Банкны албан ёсны цэнхэр тэмдэгтэй FB хуудас руу нэвтэрч мессенжер хэсэг рүү орж уг чатботтой холбогдох нь ээ. Харин асуулт асуухдаа нэг бүтэн өгүүлбэрээр тодорхой асуух нь байна шүү. 

Цаашдаа

Тус банк цаашдаа хиймэл оюун ухаанаа улам бүр хөгжүүлж дан ганц мэдээлэл өгөхөөс гадна үйлчилгээ үзүүлдэг болгон өргөжүүлж харилцагчдынхаа санхүүгийн цахим туслах болгохоор зорин ажиллаж байгаа аж. Тэгэхээр тэдний харилцагчийн үйлчилгээ улам бүр хялбар болох нь дээ.